2022 оны 06 сарын 28

Лаа нь олон жилийн турш гэрийн дотоод засал, гоёл чимэглэлийн гол элемент байсаар ирсэн.
Лаа харах мэлмийг баясгаад зогсохгүй сэтгэл санааг сэргээж, орон зайг дулаахан, тав тухтай болгож, орчныг анхилуун үнэртэй болгодог.
Лааг бас эмчилгээний зориулалтаар хэрэглэж болдог гээч!
Урт өдрийн дараах стресс, уур бухимдлыг анагаагч шидтэн л гэсэн үг. Хүний биеийн дотоод аураг гэрэлтүүлж, сөрөг энергийг цэвэрлэх хэрэгсэл болгон ашиглаж болно. Ялангуяа бясалгал, иог хийж заншсан хүмүүс лааг тайвшралын гол хэрэглэгдэхүүн гэж үздэг.
Гол сэдэв рүүгээ орцгооё! Лааны төрлүүд олон учраас гэрийнхээ аль хэсэгт тавихаас шалтгаалан зөв сонгох шаардлагатай болдог. Мөн гэр болон оффисийн дотоод заслаас хамаарч лааны өнгө, загварыг сонгоно гэсэн үг.
Кофе болон хоолны ширээний гол хэсэгт
Хамгийн түгээмэл байрлал болох хоолны болон кофены ширээний гол чимэглэл болгон ашигладаг. Кофены ширээн дээр төрөл бүрийн өнгөтэй, өндөр болон жижиг, дөрвөлжин, од гэх мэт хэлбэртэй лааг сонгон тавьж болно. Гэхдээ лааны өнгө, хэлбэр дүрс буйдан болон дэртэй өнгө дагуу байвал зохицол сайтай харагддаг.
Мөн анхилуун үнэртэй лааг гоёмсог цэцэгсийн дэлбээтэй хослуулан хоолны ширээгээ өнгө оруулаарай!
Хоолны ширээний голд лааг байрлуулснаар зөвхөн гоо үзэмж талаасаа бус оройн зоогийг дулаахан, зочломтгой сэтгэгдэл төрүүлэхэд тусалдаг.
Цонхны хажууд
Та цонхны дэргэд суунгаа ном уншиж, хүмүүсийг ажиглах дуртай юу? Эсвэл зуслан дахь байшингийн цонхоор намуухан бороо шиврэхийг харж суух дуртай юу? Аль нь ч бай эдгээр мэдрэмжийг илүү бодит болгоход лаа танд тусална. Цонхны тавцанг уйтгартай, эл хуль байлгахаас татгалзаарай! Нарийнхан эсвэл өргөн лааг байгалийн жимс, цонхны гэрэлтэй хослуулан чимэглэж болно.
Саравчин дунд
Зуны цагт зуслангийн саравчинд суунгаа цай ууж эсвэл дарс шимэнгээ тайвшралыг мэдрэх шиг жаргал үгүй! Гэхдээ энэ мэдрэмжийг лаагүйгээр төсөөлөхийн аргагүй! Оройн цагт орчныг гэрэлтүүлэхэд анхилам үнэртэй лаа танд тусална.
Номонд дурлагсад
Номын хорхойтнуудад зориулсан бяцхан зөвлөмж. Хэрвээ ихэвчлэн оройн цагаар ном уншдаг бол хажуудаа лаа асааж, анхаарал, төвлөрлөө нэмэгдүүлээрэй! Ном уншихад шилтэй лаа илүү тохиромжтой харагддаг. Мөн хажууд нь ногоон болон улаан хүрэн өнгийн алимны цуглуулга тавьсан ч болно.
Угаалгын өрөөнд
Алжаалаа тайлах төгс шийдэл хайж байна уу? Ванны өрөөндөө лаа асаангаа хөөстэй усанд хэвтэж, ядаргаагаа тайлаарай! Анхилам сайхан үнэртэй лаа байвал стрессийг улам бүр бууруулна. Угаалгын өрөөнд шилэн савтай лаа хамгийн тохиромжтой байдаг.
Унтлагын өрөөнд
Орныхоо дэргэд лаа асаах нь таныг бат бөх, тайван амрахад тусалдаг. Унтлагын өрөө зөвхөн унтаж, амрахад зориулагдсан эд бус хүсэл тэмүүллийг бадраагч, романтик, бүтээлч орчин юм. Мөн босоо хувцасны шүүгээний дээр лааг гоёмсгоор өрж тавин, интерьертээ өнгө нэмээрэй! Энэ хэсэг хамгийн гоёмсог эдлэлүүдийн цуглуулга учир үнэртэй ус, ном, сэтгүүлтэй хоршуулан байрлуулж болно.
Ил зуухны дэргэд
Хэрвээ танайх зусландаа хиймэл галын зуухтай бол урд нь лаа асааж, бодит орчныг бий болгоорой!
Зуухны дэргэд лааг коллекциор нь дагнан тавих эсвэл өндөр, нам хэмжээтэй лаа асаавал илүү гоёмсог, мэдрэмжтэй харагдана.